Sunday, November 17, 2013

Хүмүүс...






Миний бичих зүйл олон хүнд таалагдахгүй бж болох юм. Таалахгүй нэг нь таалаасай ч гэж би хүсэхгү
Эндээс эхлье...
Москва хотод хавар хамгийн аюултай. Энэ аюул нь зөвхөн оросын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Ази хүмүүст түлхүү хамааралтай. Лавшруулан тайлбарлавал Ази хүн болж төрөөд, энэ улсад хөл тавьж явсных нь төлөө(жуулчид, цагаач иргэд) нэр бүхий бүлэглэл тэднийг хүчирхийлнэ доромжилно заримдаа аминд нь хүрнэ.
Энэ бүгдийн учрыг би 10 жилийн сурагч охин байхдаа гэр бүлийнхээ хамт Москва-д хэсэг хугацааг өнгөрөөхдөө гадарладаг болсон. Энийг сонсоод хэнд ч гэм хийгээгүй 13 настай би гэдэг охин хүний улсад амьдарч байгаагынхаа төлөө зүгээр л айх ёстой юм бна гэж боддог байсан.
Дотроо Монголд маань л ийм юм байдаггүй амар амгалан тайван орон юм бна гэж жоохон охины ухаанаар бодож байснаа одоо ч санаж бна.

Харин өнөөдөр миний тэр бодол өөрчлөгдөх цаг болсныг надад сануулах шиг боллоо.
Жирийн нэг танил маань гудамжинд явж байтал зөрж явсан залуу тас хийтэл нь улаан нүүрэн дунд нь алгадчихаад гүйчихэж гэнэ, үүнээс 2 долоо хоногийн дараа ресторанд хоол идэх гээд ортол бас л нэг нөхөр өмсөж явсан малгайг нь толгойн дээрээс нь шүүрч аваад үүдэнд бсан хогын саванд хийчихээд зугатчихаж гэнэ, харин өчигдөр гэр лүүгээ орж явтал араас нь бас л нэг залуу нударч унагаагаад куртикийг нь урчихаж! Тэгээд надаас түүнийг нь оёчих оёдолчин хаана байдгыг сураглаж утсаар ярьлаа. Миний энэ яриад байгаа хүн бол солонгос хүн. Гэр бүлээ тэжээхийн тулд эхнэр хүүхдээ эх оронд нь үлдээгээд томилолт аваад энд ажлаа хийж яваа хэнд ч хор гэмгүй нэгэн. Ердөө л солонгос хүн болж төрснийхөө төлөө эсвэл нутаг нэгт муу хүмүүсийн өмнөөс тэр хүн манай орны залуусын гарын шүүс нь болох ёстой азгүй нэгэн, ийм бодол өвөрлөгч манай залуус түүгээр бах таваа хангана. Энэ үзэгдэл ардчилсан эрх чөлөөт хүнлэг энэрэнгүй нийгмийнх нь аль хэсэг нь юм бол? Ингээд намайг биччихээр "ааааа энэ одоо нэгмуу таньдаг солонгос хүнээ хамгаалж ингэж бичиж байдаг таарсан амьтан байх нь гээд муулаад зүхэх хүн зөндөө биз..
Энийг бичих миний зорилго гадаад хүнийг өмөөрч эх орон нэгтнээ муулаад суухыг оролдох байсангүй. Зүгээр л хүн хүнийгээ хайрлах, энхрийлэх, хүндлэх сэтгэл ухамсар,ухаан хаана байдаг болсон юм бол? Юмны наад цаадахыг ялгаж тунгаах ухаангүй, манай улсад явж байгаа л бол тэр гадаад хүмүүс бүгд адгын муу санааг өвөрлөгч, эх орныг минь эзлэхийг завдан түрэмгийлэгч нар мөн учраас алгадаад ч болов хариугаа авах ёстой гэж дэндүү бяцханаар ӨШӨӨГӨӨ АВАГЧ нараас төрөх үр хүүхэд нь миний хүүхдийн ирээдүйд найзлах найз, суух хань нь байхвий гэхээс би юу юунаас илүү айж байна.  Би хүүхдийн ээж, хүний эхнэр учраас айх гэсэн бодлоо хаяад зоригтой бичлээ.
Манай орны хуулийг уландаа гишгэж хүссэнээрээ аашилдаг гадны иргэдийн жишээг би олныг мэднэ. Энэ бүхний эсрэг эх орноо хамгаалмаар санагддаг манай залуус гарныхаа загатнааг гаргаж, тааралдсан гадаад нөхрийг алгадаж биед нь халдаж байхаар өөрийгөө тэднээс илүү хөгжүүлж гарын бяраараа биш, толгойн дэх мэдлэгээрээ хүссэн хүнийхээ амийг жимийтэл алгадаад зогсож байсан бол би тэр монгол залуусаар бахархаад сууж байх байлаа...

Monday, February 18, 2013

Хүний хань


Cүүлийн хэдэн сар гэр дотор маань "манай нохой",  "өнөөдөр нохойнд хоол өгсөн үү, нохой сая тэгж байна ингэж байна" гэдэг яриа өдөр бүр өрнөдөг боллоо. Гэв гэнэт шүү гайхмаар...
Би ч өөрийгөө амьтны талаар тэр дундаа нохойны тухай ингээд бичих гээд сууна гэж өмнө нь төсөөлж байсангүй.
Би ямар ч амьтнаас их айдаг, багаасаа л тийм байсан.  Амьтантай ойр өсөөгүй, ойр байх боломж ч  байгаагүйтэй шууд холбоотой байх л даа. Хэнд ч гэмгүй наад захын яст мэлхий туулайнаас хүртэл нэг л жийрхээд хүрч чадахгүй гараа хумиад л өнгөрнө. Миний санахын намайг ухаан орсноос хойш манай байрны зарим айлууд жижиг жижиг өнгө өнгийн янз бүрийн үйлдвэрийн нохойг гэртээ их тэжээдэг байсансан. Тэгээд л эзэд нь гадаа нохойгоо салхилуулаад явж байхад нь тэд нартай байнга тааралдана. Зарим нь ч бүр их онгироо хажуугаар нь өнгөрөхөөр намайг дотроо өөрсдөөс нь айгаад байгааг мэдчдиймүү над руу чиглэж байгаад нээх их хуцна. Дээрэлхүү гэж... Тэхээр нь миний тэд нараас айх бас  дургүй хүрэх 2 нийлээд улам нохойг, ялангуяа над руу хуцаад байдаг байсан хажуугийн орцны үсгүй, бор өнгөтэй, шүлс нь байнга гоожиж байдаг нохойг бүр үзэн яддаг байлаа. Хөөрхий тэр тэгээд нэг мэдсэн байхгүй болчихсон, бодвол нас нь л дууссан байх даа.
Гэхдээ бас хөөрхөн хөөрхөн нохойнууд манай байранд байсаан. Нэг цагаан өнгөтэй хав нохойг бариу палаж өмсгөөд, хөлөнд нь цацагтай оймс углачихсан юм шиг харагдахаар үсийг нь засуулчихсан байдагсан ккк.
За тэгээд хичнээн хөөрхөн харагддаг амьтад байдаг ч би тэжээж хамт амьдрахыг ер нь хүсч байсангүй. Яг үнэндээ тэднийг арчилах, халамжлах, санаа тавих гээд олон олон хариуцлага надад хангалттай байхгүй гэдгийг мэддэг учраас аливаа амьтаныг гэртээ авчирчихаад зовоож нүгэл хийгээд яахвээ дээ.
Харин саяхнаас амьтан гэдэг тэр дундаа нохой гэдэг миний мэддэгээс хэд дахин илүү ухаантай хайр татмаар болохыг нүдээрээ харж биеэрээ мэдрээд байх шиг... 
Манайх байрныхаа чанх урд гэхиймуу даа яг тагтныхаа доор нэг машин тавьдаг тоосгон гражтай. Урт эгнээ олон гражийн хамгийн захынх манайх болохоор тэгсиймүү жилийн өмнөөс гражын маань доох нь жижиг нүхэнд нэг бяцхаан гөлөг амьдраад бна гэж аав яриад л байдаг байлаа. Би ч тэр яриаг нээх их тоодоггүй байлаа. Ээж аав 2 маань хааяа даа хоол өгөхлөөр гарч ирж идчихээл үүрнээсээ тэр гөлөг ерөөсөө гарахгүй. Нэг удаа аав маань ойрд харагдахгүй бна, тэр нөхрийн бие нь өдөр өдрөөр томроод жижигхэн нүхнээсээ гарч чадахгүй гацчихаад аргаа олохгүй байж байгаа байхаа гээд хүрзээр нүхийг нь том болгож өгдөг хүн болоод очсон чинь нөгөөдөх маань үүрээ цааш нь гүнзгий ухаад томоо гэгч болчгочихсон байж билээ.
Манай гражын хаалга дугарлаа л бол нөгөө муу амьтан маань гараад л ирнэ. Харин бусад үед ерөөсөө гарч ирдэггүй нь граж дээгүүр гүйлдэж тоглоод байдаг хүүхдүүдтэй холбоотой юм шиг байгаа юм. Дээгүүр нь чимээ гаргаад гүйлдээд байхаар айгаад үүрнээсээ гардаггүй биздээ гэж ээжийг хэлэхээр нь нээрээ ч тийм юм болуу гээд өрөвдөх шиг..
ХХххБи эхэндээ машинаа гаргах гээд очихоор л нөгөөдөх маань үүрнээсээ гарч ирээд хажуугаар чимээгүй намайг тойрч яваад байхаар нь үнхэлцэгээ хагартал айдаг байлаа. Яачих ч юм билээ гээд... хэхэхэ Үнэндээ миний нүдэнд гудамжинд явж л байдаг эзэнгүй олон олон нохойны нэг шиг л харагддаг байснаа нуугаад яахав.
Нэг удаа манай нөхөр бид 2 найзуудтайгаа уулзаад нилээн оройтоод хариваа. Шөнийн 3 хавьцаа...
Тэгсэн нөгөөдөх маань гражын хаалганы чимээгээр гарж ирдэгээрээ гарч ирээд бид 2ыг хаалгаа түгжээд явах хүртэл яг хажууд манаад суучихдаг юм байна. Би ч дотроо айгаад л байгаа шүү дээ. Тэгсэн би тэр муу амьтнаасаа айгаад байхад, тэр маань харин бид 2ыг тэр шөнийн харанхуйд хамгаалах гээд гарч ирж суугаад байдаг байсан юм билээ хөөрхий. Гэр лүүгээ алхаад орц руу орох хүртэл минь араас хараад хөдөлгөөнгүй суучихна, заримдаа бүр орц хүртэл араас дагаж яваад бараг л намайг гэр лүү маань хаалга тогшиж оруулж өгчихөөд яваад өгнө. Би гэртээ ороод граж руу харсан цонхоороо харахаар үүр лүүгээ яваад л орчихно. Хөөрхөн гэж :)
Хүмүүс хоорондоо үг хэлээрээ ойлголцдог бол амьтан бусдад өөрийгөө үйлдлээрээ ойлгуулдаг бололтой. Эхэндээ миний нүдэнд золбин нохой л харагддаг байсан бол надтай ойртоод надад сайн хандаад байгааг нь бага багаар мэдрэх тусам адаглаад л царай нь хүртэл нүдэнд дасал болоод / өмнө нь миний нүдэнд бүх нохой хоорондоо ижилхэн царайтай юм шиг санагддаг байлаа :p/, би ч граж руу гарах болохоороо хоол өгөх гээд ер нь л үе үе яаж байгаа бол гэж бодогдоод байдаг болчихсон байх юм. Өдөр болгон гарахад минь намайг тосоод л над дээр хүрээд ирдэг манай нохой миний нөхөр шиг л надад хань болж байгааг нь бодохоор хайр хүрмээр...
Гэрийнхнийг маань бүгдийг нь таньдаг болчихсоныг ч хэлэх үү нохой маань бид нарыг бүгдийг нь л эзнээ гэж боддог юм шиг байгаан. Ингээд л манайх, бүр их өөртөө хамаатуулж ярьвал БИ надад хань болох, намайг хамгаалах ХӨӨРХӨН НОХОЙ-той  болчихсон. Хааяа бодохоор над шиг хүний хувьд энэ бүгд итгэмээргүй зүйл ч юм шиг... хэхэ


Monday, May 14, 2012

Бямба + сүрэн

Шилжилтийн нас гээч юм над дээр ирсэн тэр үеэс л би эмэгтэй хүүхэд бүрт бий болдог элдвийн маягийг бага багаар сурч эхлэн нэг үгээр маягийн хүүдий болж нэг хэсэг явсан юм. Яг 14-17 насны хооронд л юмаа даа. Гэрийнхээ хувцастай гадаа гараад хогоо асгана гэдэг бол асар их ичгэвтэр зүйл байсан тийм л үе kkk. Тэгээд бүх л зүйл маань өөрт маань таалагдахгүй байгаа юм шиг санагдаж тэр бүгдийгээ хүссэнээрээ хөөрхөн болгож өөрчлөхийн түүс байдаг байлаа. Үс, хумс хуруу, нүүр гээд л өөрчилж болохоор юу байна өөрийнхөөрөө бага ч гэсэн өөрчлөх гэж оролддог байж. Эцсийн үр дүн нь ердөө хөөрхөн болох..
Тэгээд болоогүй ээ бас гоё нэртэй болхиймсан гэж их хүсдэг байлаа. Тэр үед манай ангийн охидууд их гоё нэртэй Халиун, Хулан, Солонгоо, Чимгээ бүр цаашлаад Өэлүн үжин, Бөртэ гэж хүртэл байдаг байлаа. Гэтэл минийх Бямбасүрэн. Миний өөрийнхөө нэрэнд дургүй байсан гэж. Нэрнийхээ тухай бодох тоолондоо ганц охиндоо очиж очиж өдөр гариг дээр "сүрэн" залгаж нэр өгөөд байхаараа яахавдээ гэж ээждээ гомдолдогсон.Тэгэхээр ээж маань уг нь өөр нэр өгье гэж боддог байсан, гэтэл өвөө чинь манайд ирээд Бямба гаригт төрсөн юм байна Бямбаа гэж нэр өгье гэж хэлээд ээжийн төлөвлөгөө нурсан гэдэг.Тухайн үед дан Бямбаа гэхээр эрэгтэй хүний нэр шиг юм Сүрэн нэмчихье гэдэг ээжийн нэг санаа нэмэгдээд тэгээд л бүтэн нэр минь Бямбасүрэн болсон бяцхан түүхтэй. 
Энэ бүгдийг ээжээр яриулснаас хойш өөртөөгөө адилхан нэртэй эрэгтэй хүнтэй тааралдахаараа ч юмуу эсвэл нэрээ голох бүртээ өвөөгөөс л хамаг юм болсын гэж дотроо бодоод өнгөрдөг байлаа.
Их сургуульд ороод би төрснөөсөө хойш амьдарч ирсэн байрныхаа ойролцоох 10 давхар цэнхэр өнгөтэй байранд эмээ 2 үеэл дүүтэйгээ 4үүлээ амьдарч эхэлсэн юм. Учир нь эмээ маань 2 дүүтэй хамт тэнд амьдрах хэрэгтэй болж 3уулахнаа байхаар эвгүй юм гээд намайг 2 дүү шалсаар байгаад нэг өдөр бид 3 миний гэх юмнуудыг цүнх уутанд хувааж хийж авч яваад би тийшээ бүр мөсөн нүүвээ! 1р курсээ дөнгөж төгсөөд 6дугаар сар эхлээд удаагүй  байсан тэр нэг өглөө унтаж байтал утас дугараад автал бага ах маань хоолой нь нэг л сонин аяархнаар өвөө өөд болчихжээ гэж хэлэхэд нь нойрмог байсныг ч хэлэх үү зүүдлээд ч байгаа юм шиг хэсэг паникт ороод ярьж дуусаад утсаа тавьсныхаа дараа хэсэг орон дээрээ суугаад өөрийн эрхгүй өвөөг хэзээ хамгийн сүүлд харснаа санах гэж оролдоод, нуухаа ч аваагүй байсан нойрмог нүднээс маань нулимс ар араасаа урсаж билээ. Бие нь муудаад эмнэлэгт хэвтэж байхад нь хоол хүргэх гэж очихдоо сахиж байсан хамаатныхаа ахд авч очсон юмаа өгүүлчихээд дотогшоо өвөө рүүгээ орох уу гэхд нь за яахав дараа ирэхдээ л больё гэж хэлээд явснаа бодохоор харамсах шиг..
Хүн өглөө сэрээд нүүрээ угаадаг шиг өвөө өглөө сэрээд байхгүй шахам толгойныхоо үсийг байнга хусдагсан. Тийм болохоор нь бид нар халзан толгойтой өвөө гэж дууддаг байсан юм. Энэндээ ч дасчихсан, зүгээр өвөө гээд гэр дотроо ярихаар ямар өвөө гээд ойлголцдоггүй байлаа. Намайг ухаан орохын л өвөө аман дотроо ямар ч шүдгүй, хоолыг буйлаараа шүдтэй юм шиг аймар сайн зажилж иддэгийг нь бид нар яриад л инээцгээдэг байж билээ.
Өвөөг сүүлчийн замд үдэхийн өмнөх шөнө би унтах гээд чадахгүй байсаар үүр цайлгаад ажил явдал руу явснаа сайн санадгийн. Нэг унтчихвал үүрээр сэрж чадахгүй хоцроод үлдэнэ гэж бодсондоо.. Салах ёс хийн тойрон алхаж, хамгийн сүүлийн удаа өвөөг харсан тэр өдрийн тэр богинохоон мөч л намайг том хүн болгочих шиг болсон. Өвөөтэй хэдий маш дотно байгаагүй ч  хүний амьдрал ямар богинохон,  хүн ямар их тэвчээртэй байх хэрэгтэй гээд л тэр өдөр их олон зүйлийг бодогдуулсан бас сэтгэл өвтгөсөн өдөр байж билээ. Үүнээс хойш маш олон жил өнгөрчээ.
Энэ бүхний дараа нөгөө нэрээ голдог утгагүй бодлоо толгойноосоо авч хаяхаар шийдэж, надад миний дуудах нэрийг хайрлаад бурханы оронд очсон өвөөдөө насан туршдаа баярлаж явах хэрэгтэй гэж боддог болсон доо. 

Мөрөөдөл Маргаашийг зорино

Өнөөдөр их сургуулийнхаа хичээлүүдийн бүх даалгавар бие даалтууд байдаг фолдерыг нээн орлоо. 1р курсээсээ 4р курс хүртлээ хийж гүйцэтгэж байсан даалгавар, бие даалтуудаа уншиж хэсэг суулаа. Сургуулиа төгсөхдөө чамлахааргүй сайн голчтойгоор онц төгссөн миний тэр үеийн хийж гүйцэтгэсэн зарим зүйлс одоо эргээд харахад зарим талаараа хангалтгүй бас түүхий юм шиг санагдав. Харин тэр дотроос Хүний нөөцийн менежмент хичээлийн нэгэн бяцхан даалгавар болох мөрөөдлийнхөө тухай бичсэн эссе маань гараад ирлээ. Тэр үед ангийнхан маань мөрөөдлөө цаасан дээр буулган бичих гээд бүгд л өөрсдийн мөрөөдөлдөө автан сууж билээ.
Хүн мөрөөдөлд автахдаа л жинхэнэ хүн чанараа мэдэрдэг болвуу. Мөрөөдөл бол хүнийг хүн болгодог тэр зүйл мөн. Гэтэл амьтан мөрөөдөхгүй. Ингэхлээр мөрөөдөл нь хүнийг амьтнаас ялгах гол ялгаа байх нь.
Улс гүрэн цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд мөрөөдөл гэдэг үг үнэд ордог гэж хаанаас ч билээ уншиж байлаа. Жишээ нь, дэлхийн 2-р дайны дараа америк хүн бүр, айл бүр, улс орноороо “америк мөрөөдөл”-д автсан ажээ. Америк мөрөөдлийн ачаар л Америк орон ингэж хөгжсөн гэж судлаачид үздэг байна.
Хүний болоод улс гэрийн мөрөөдөл хичнээн том байх тусмаа төдий чинээ хүч нөлөө нь их байдаг аж. 8848 метрийн өндөрт гарна гэж мөрөөдөөд бэлтгэсэн уулчин 4100 метрийн өндөрт гархаар бэлтгэсэн уулчнаас илүү үр дүнд хүрдэг. Бидний хаан Чингис гуай хүртэл “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гээд бидэнд захичихсан байдаг.
Мөрөөдөл тухайн үеийнхээ орон зай, цаг хугацаагаа дагаж хувьсдаг гэдэгтэй би санал нийлдэг. Энгийн мөрөөдлөөс нарийн нийлмэл, илүү гүн, илүү ончтой мөрөөдөлд шилжих учиртай. Харин одоогоос 3 жилийн өмнө буюу 3р курсын оюутан байхдаа миний бичсэн доорх мөрөөдлийн маань тухай эссе одоо улам илүү баяжин, хүрээгээ тэлж олон олон жижиг хэсгүүд бүхий мөрөөдөлд хүрэх шатны гишгүүрүүдтэй болж нэмэгдсэнээс л биш яг л сэтгэл дотор минь тэр хэвээрээ...
 ------------------------------------------------------------------------------------------------------
        Миний Мөрөөдөл                         / 2009 оны 4 дүгээр сарын 15, 23:20:09 /
Энэ хорвоо дэлхий дээрх хүн бүхэн мөрөөддөг мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр мөрөөдөл гэдэг нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх нь. Надад ч бас мөрөөдөл бий. Мөрөөдөл мөрөөдөлдөө миний мөрөөдөл их том.
Хүний нөөцийн менежментийн семинарын хичээл дээр 1 удаа  багш англиар Dream гэдэг үг бол мөрөөдөл гэж Монгол руу хөрвүүлэгддэг  ч, бас "зүүд" гэдэг утгатайг санаарай гэж хэлж байсан. Хэдийгээр би энэ үг хэд хэдэн утгаар орчуулагддагыг мэддэг байсан ч тэр бүр ялгаж салгаж дотроо бодож байгаагүй юм байна лээ. Тэгээд миний нууцхан мөрөөдөл маань зүүд төдий хийсвэр зүйл үү?, эсвэл биелэж ч болох олон олон зорилго бүхий чиглүүлэгчээр тэтгэгдсэн бодит байж болох зүйл үү гэж бодсон. Тэрнээс хойш дотроо өөрөө өөртэйгөө мөрөөдлийнхөө тухай ярьж үзтэл хариулт нь тэр том мөрөөдөл минь биелэх биелэхгүй нь тодорхойгүй зүүд мэт байсан ч гэсэн тэр л ТОМ гэж нэрлээд байгаа мөрөөдөл минь надад ар араасаа олон олон зорилго, жижиг ч гэсэн хүсэл мөрөөдлийг дагуулсаар ирсэн байсан...("Том" гэж тодорхойлоод байгаа мөрөөдөл маань МУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм ).  Хүмүүс сонсоод дооглож, шоолж болох ч миний мөрөөдөл надад хамгийн нандин эрхэм зүйл.
Би яагаад МУ-н анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг мөрөөдсөн бэ?
Энэ мөрөөдөл маань жилийн өмнөөс эхлэлээ тавьсан гэж хэлж болно. Тодруулж хэлбэл Америкийн тэргүүн хатагтай асан эмэгтэйн амьдралын хүүрнэл болох номыг уншсанаас хойш гэж хэлэхэд болно. Тэр хүнийг шууд даган дуурайж copy-дохыг оролдсондоо биш үнэхээр үлгэр дууриалал авч хүндэлмээр бас бахархмаар байсандаа тэр юм. Маш сайн мэдлэг, боловсрол, амьдралдаа баримталсан зарчим, ямар ч саад бэрхшээлийг хугарч нугаралгүй даван туулж, бүх зүйлийг энхийн замаар хэрнээ маш хүчирхэгээр шийдвэрлэж чадсан гэх мэт тэр бүгд үнэхээр гайхмаар бас бахархмаар санагдаж билээ. Тэгээд одоо бодохнээ миний бүтэхгүй ч байж болох тэр том мөрөөдлийг минь сэтгэлд  минь үндэслэж соёолуулахад маш томоор нөлөөлсөн тэр эмэгтэй үнэхээр гайхалтай. Тийм хүчирхэг болохын төлөө би цаашдаа маш сайн мэдлэг боловсролыг эзэмшиж хаана ч хэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг нэгэн болж зөв зүйтэй амьдрахыг зорилгоо болгох болно. Биелэхгүй ч байж болох зүйлийг мөрөөдсөн маань бага багаар надад ухаарал, зорилгыг бий болгож өгсөн болохоор би ТОМ МӨРӨӨДӨЛДӨӨ хайртай.      
  -------------------------------------------------------------------------------------------------------
.. хэхэ тухайн үедээ бичсэн миний энэ эссе хүмүүсийн дунд ил болох нь ойлгомжтойгоор барахгүй бүр жил болгон сургуулиас гаргадаг эрдэм шинжилгээний эмхэтгэл дээр хэвлэгдэх байлаа. Тийм учраас жинхэнэ мөрөөдлөө бичих үү эсвэл зүгээр л даалгавар хийсэн нэр авахаар өөр нэг зүйлийн тухай бичих үү гээд бодож бодож ер нь миний л мөрөөдөл юм чинь бусадтай хуваалцахгүй байх шалтгаан юу бна гээд сэтгэлдээ байдаг мөрөөдлөө ингээд л биччихсэн юмдаа.
Мөрөөдөл гэдэг өөрөө хүнийг их хөгөлдөг бас хурцалдаг юм шиг... шантрах, залхах, төвөгшөөхийн алинд ч энэ мөрөөдлөө би гээж байгаагүй ээ.
19 настай охины нүдээр уншиж дуусгах үед энэ ном надад хүний хичээл зүтгэл, мэдлэг боловсрол, шургуу хөдөлмөр гэдэг юугаар ч хэмжээлшгүй баялаг гэдгийг хэлж өгч, урам зориг, хийж бүтээхийн их хүслийг дэвэргэж өгсөн бол одоо 4 жилийн дараа дахин уншихад дахиад юуг надад ойлгуулж ухааруулахыг үнэхээр би таашгүй...

Monday, April 16, 2012

Хар Хун

 
Хүнд нэг тийм тохиолдол байдаг даа. Ямар нэг киноны дандаа нэг хэсгээс нь л эхэлж үзэж таараад байдаг үе.. Миний хувьд Хар Хун тийм л кино байлаа. Үргэлж л телевизийн аль нэг сувгаар яг төгсгөлийн тайзан дээрх тэр нэг үзэгдлээс эхлэн үзэж таараад! Онлайн-р үзнэ дээ гэж тэрүүхэн үедээ бодоод л мартчихдаг. Харин сарын өмнө найз залуутайгаа хамт суваг эргүүлээд сууж байтал ашгүй энэ кино эхэлж байлаа Кинонд балетд амьдралаа өгсөн нэгэн бүсгүйн эмгэнэлтэй амьдралыг 1.40 минутын кино хальсанд буулгасан ба киноны гол баатар балетчин Нинаг(Наталиа Портмэн) найруулагч Хар Хун балетийн жүжгийн гол дүр болох хатан хунаар сонгосноос үйл явдал өрнөж эхэлнэ. Энэ жүжигт гол хатан хун 2 төрөлд хувирч тоглох ёстой байдаг. Нинад цагаан хунгийн дүрийг бүтээхэд ямар ч асуудал гарсангүй төгс байлаа. Харин хар хунгийн дүрд тоглоход асуудлууд гарч тэрээр аажим аажмаар дүрдээ хэт гүнзгий орж, нүдэнд нь хий зүйлс харагдаж эхэлнэ.
Сэтгэлзүйн хэт сонирхол, дарамтыг маш тодоор гаргадаг найруулагч Darren Aronofsky-н ээлжит сайн бүтээл болох уг кино 4н алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн гэхээр кино шүүмжлэгчидээс нилээд өндөр оноо авч чадсан бүтээл болсон.
Киноны өрнөл үнэхээр өөр зүйлд сатаархын аргагүй сонирхолтой байсан бөгөөд киноны төгсгөл төсөөлснөөс маань өөрөөр дууссым. Гайхалтай бүсгүй Нина-гийн гоо сайхан, цэвэр ариун байдал, чадвар гээд төгс харагдах түүний бүхий л чанарт хэн нэгэн атаархан түүний зорьж буй бүхэнд хөндлөнгөөс саад учруулж байгаа мэтээр кино өрнөх боловч эцэст нь тэр бүхэн өөрийнх нь хувийн хий хоосон айдас, төсөөлөл байсныг мэдэж өөрөө өөрийгөө егүүтгэхэд хүргэсэн байлаа.
Триллэр, Драма төрлийн энэхүү кинонд насанд хүрсэн хүмүүст зориулсан хэсэг нилээд байгаа болохоор бага насны хүүхэд үзэхэд тохиромжгүй. 
Киноны гаргаж тавьсан санаа үнэхээр таалагдсан. Мэдээж Натали Портман энэ дүрийг гайхалтай бүтээж мөн тэр гайхалтай бүжиглэж байсан.  Үзэхийг зөвлөе! ^^

Monday, August 29, 2011

Нүдний шилэнд үлдсэн зургууд

Энэ номыг уншиж үзээгүй байсан бол би хэзээ ч өөрийнхөө дотроо бодож явдаг зүйлээ цаасан дээр бичих тухай бодохгүй байх байсан. Анх 2009 оны өвөл гэдэг чинь би 3р курсийн оюутан байжээ. Тэр жилийн өвлийн амралтаар гэртээ зүгээр сууж байгаад уйдахдаа энэ номыг санаандгүй гарчиглаж эхлээд цааш нь уншиж үзэхийн хүслэн болж, 2 өдөр уншиж билээ. Урьд өмнө нь кино үзэж уйлдагаас биш тэр бүр ном уншаад уйлах нь ховор би гэдэг хүн уншсаныхаа дараа нилээн хэд нулимс дуслуулсаан. Нүдэнд харагдтал хэрнээ маш өвөрмөц бас үнэхээрийн ойлгомжтойгоор бичсэн тэр бичих УРЛАГ нь дэндүү их таалагдсан. Таатай таагүй нь хамаагүй ямар нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл л болвол өөрийн эрхгүй дуу хөдөлгөөн хоёроо хураагаад, хэсэг чимээгүй гөлрөөд суучдаг миний нэг сонин гэмээр зан энэ номыг уншаад дууссаны дараа надад илэрснийг бодохоор миний сэтгэл их л хөдөлсөн байгаа юм хэхэ. Тэгээд тэр оройноо энэ номыг худалдаж гэрт авчирсан ахаасаа Өлзийтөгс гэдэг эмэгтэйгийн талаар асуутал энэ эмэгтэй болон түүний нөхөр 2 бол монгол дах нийтлэлчдийн дунд дээгүүр орох сайн нийтлэлч гэсэн утгатай юм хэлээд түүний нөхөр Аюурзана мөн адил маш сайн бичдэг зохиолч ба түүний ном ч гэсэн дажгүй, манайд байгаа уншаад үзээрэй гэх утгатай юм хэлэхээр нь гэрийн номын сан дотроос хайж байгаад олвоо! Эхлэлээс нь уншаад үзтэл эхнэрээсээ илүү сайхан бичсэн юм шиг санагдсан ч сэтгэл маань хөдлөсөнгүй. Гэхдээ л мундаг байсан... тэдний номыг уншдаг олон хүн надтай санал нийлэх бизээ
Хүмүүс шинэ жил гэхээр өвлийг, цасыг бас гацуур, баяр хөөрийг төсөөлдөгтэй адилхан надад унших зүйл гэхлээр хамгийн түрүүнд энэ шар хавтастай ном л ойрд санаанд орж ирээд байдаг болсон байна лээ. Хамгийн сүүлд энэ номоо 2р сард эмнэлэгт хэвтэж байхдаа уншсан харин одоо дахиад нэг уншмаар санагдан дэргэдээ гаргаж тавингаа блог дээрээ энэ тухайгаа бичих санаа төрж, бичих гэсэн маань ч ингээд дуусаж байх шиг байна. Баярладаг шүү “Нүдний шилэнд үлдсэн зургууддаа”

Friday, July 1, 2011

♥ Falling slowly ♥



~ их гоё дуу ... би энэ дууг хамгийн анх 2010 оны өвөл 2 сард дэлгүүрт явж байгаад санаандгүй сонсоод хүнд анхны харцаар дурладаг гэдэг шиг л анх удаа хэсгээс нь хальт сонсоод надад гүй ээ мөн их таалагдаж билээ. Тэгээд гэртээ очоод нөгөө дууныхаа нэр, дуулдаг дуучин аль альныг нь ч мэдэхгүй youtube-с янз янзаар хайж үзэж, зүдэрч зүдэрч нэг юм олсон доо. Хөгжим сонсох бүртээ л энэ дууг л сонссоор байгаад ая үг хоёр нь аяндаа цээжлэгдээд гитараар энэ дууг яг ингэж тоглож сурах бодол толгойны нэг хэсэгт уяатай явсаар бараг 5, 6 сар болсын. Заримдаа Total music-н хажуугаар явахдаа гитар харангаа нэг хүрээд үзчих санаатай ордог болов оо. Миний ойр дотны хүмүүсийн дунд гитартай хүн ганц ч байгаагүй л дээ, харин оронд нь гэрт уран зохиолын ном, тууж роман эсвэл орос номнууд л их байна. Ер нь манай гэрт хөгжмийн зэмсэг гэвэл морин хуур л байсан юм байна. Тийм болохоор гитар барьж ч үзээгүй байсын. Барьж үзээгүй байсан гэснээс гитарчгүй юм байж интернетээс гитарын хичээл үздэг байлаа :D. Одоо бодохнээ тэр үеэс л гитар тоглож сурах хүсэл төрсөн юм шиг байгаан. Гитарыг нэвт шувт тоглож сурахгүй юмаа гэхд ядаж энэ дууг л тоглоод сурчих юмсан гэж бодоод их сургуулийн дээд ангид сурч байсан манай сургуулийг урлагын үзлэг болгонд төлөөлж ордог байсан таньдаг гитар тоглодог хүнээс зааж өгөөч гэж гуйх гээд мессеж бичээд үзтэл ашгүй зөвшөөрөөд миний гитарын анхны хичээл эхэллээ. Хөгжим тоглож сурахад наанадаж тэвчээр, цаанадаж сонсгол бас гар хурууны эв дүй их чухал юм билээ. Надад энэ бүгд тийм ч хангалттай хэмжээнд байгаагүй ялангуяа сонсгол. Эхний өдөр A,C,G minor гээд хэдхэн л барилт сурах гэж үзээд энэ нь 1 цаг гаруй л болсон гэтэл хурууны өндөгнүүд өвчин ороод тэр оройноо би үсээ ч боож чадахгүй хуруунууд юманд хүрэхээр эмзэглээд, зарим нь хорсоод нэг хэсэг жоохон хэцүү байсан. Гэхдээ ямар ч байсан энэ дууг тоглож сурах хүсэл их байсан болохоор бага багаар сурах гэж хэрэндээ их хичээсээн. Сургаж байгаа сурч байгаа хоёр хүн хоёулаа ажилтай болохоор өдөр болгон уулзалдаад байж чадахгүй ихэвчилэн 7 хоногийн 5дах өдөр ажилаа тараад би ажил дээр нь очиж заалгадаг байлаа.Энэ чигээрээ явсаар байгаад ямар ч байсан 2сар өнгөрсний дараа энэ дууны ганцхан эхлэл хэсгийг нь маш удаан хэмнэлтэйгээр л тоглож сурсан даа. Одоо харин тийм ч том биш бас их үнэтэй биш өөртөө таарсан дунд зэргийн гитартай болоод хүссэн бүх аяаа тоглож сурахыг хүсч байна ^^